В.В.Каргалов Монгол-Татарууд Орост халдан довтолсон нь
Саяхан ЗХУ -ын түүхийн ухааны эрдэмтэн (доктор) Вадим Викторович Каргаловын бичсэн “Монголо-татарское нашествие на Русь” хэмээх 1966 онд хэвлэгдсэн номыг С.Одхүү орчуулж, Ч.Баатар хянасныг олж уншлаа. Орчуулагч номын нэрийг “Монгол-татарууд Орост халдан довтолсон нь” орчуулжээ. Энэ номын нэрийг анх хараад л Зөвлөлтийн үеийн эрдэмтэд 13-р зууны үеийн бидэнд холбогдох түүхийг юу гэж бичиж байсан бол гэдэг бодол толгойд орж ирээд байлаа. Уншиж дуусахад ЗХУ-ын үеийн түүхийн ухааны эрдэмтдийн үзэл баримтлалын талаарх миний таамаг улам бүр баттай болсон юм. Ингээд энэ номыг уншаад надад төрсөн сэтгэгдлээ хуваалцъя.
Сайшаалтай талууд:
Энэ номд Монголчуудын байлдан дагуулагчдын цэрэг дайны арга ухаан, цэргийн тоон, оросуудын цэргийн тоон, Монголын байлдан дагуулал уугуул Монголчуудад хэрхэн хүндээр туссан зэргийн тухай цухас боловч дурдсан нь сайшаалтай. Эдгээрийг тус тусад нь авч үзвэл.
1. Дайны арга ухаан
- Хэдий цөөн хүнтэй боловч цэргээ салгадаггүй нь тулааны үед дайснаасаа тооны хувьд илүү байх боломжийг олгодог.
- Бат хан оросруу өвлийн цагт дайрсан нь оросуудыг гэнэдүүлсэн. Оросууд Монголчуудыг Кипчакууд шиг зун дайрна гэж бодож байжээ. Иймд олон хот, бэхлэлтийн усан хаалт, хамгаалалт ямар ч ач холбогдолтой болсон байна.
- Хотын хана бэхлэлтийг эвдэн сүйтгэх оньсон зэвсгүүдтэй байсан.
2. Монгол цэргийн тоо
<<Тухайн үеийн Монголчуудын хүн ам хамгийн ихдээ 1 сая орчим. Европруу аянд Мордсон Монголчууд 40-50 мянга, үүн дээр эзлэгдсэн ард түмний 100 орчим цэрэг байсан. Энэ нь тухайн үед байгаагүй юм>> гээд үүнийгээ “Загалмайтны аян дайн” -нд оролцогчдын тоо л гэхэд хэзээ ч 100,000 хүрч байгаагүй гэсэн байна. Гэхдээ энэ тоо ч гэсэн эргэлзээтэй учир нь өөрсдийн цэргийн хүчнээс 2 дахин их цэргийг хүчийг цуг авч явна гэдэг хэцүү, бас осолтой шүү дээ. Бүх цэргийн 40% -иас доош л байх болов уу гэж санана. Хэрэв ингэж өөрсдөөсөө даруй 2 дахин их цэрэг авч явж чадаж байсан гэвэл энд удирдлагын их оновчтой шийдэл л байсан байж таарна. Л. Н. Гумилёв “Хар домог” номдоо хийсэн тооцоогоор бол Бат хаан 40,000 хүрэхгүй цэрэгтэй байсан. Учир нь 7000 хүнтэй бослого гарахад их цэрэг нь буцаж тэр бослогыг дарж байсан гэсэн байдаг. Минийхээр бол бараг л 20,000 орчим язгуурын Монголчууд явж байсан юм болов уу даа гэж “Хар домог” -ийг уншиж байхдаа би бодож байсан санагдана. Яаж тооцож байснаа мартсан байна. Гэхдээ энэ үеийн баруун Ази, оросын түүхчдийн бичсэнчлэн хэдэн сая саяараа гэж бичээгүй нь дэвшилттэй хандлага юм.
3. Монголчуудын байдал дагууллын хүндийг жирийн нүүдэлчид үүрч гарсан.
Энэ байлдан дагууллын нөлөөгөөр Монголчууд үйлдвэрлэх хүчний хувьд ихээхэн хохирч, Монголын хөгжил эзлэгдсэн улсуудаасаа ч хоцорсон гэсэн нь 15-16-р зууны Монголын түүхийн мэдлэг нимгэн мөн хэт их ангич, нам байр суурь баримталсан зэргээс болоод жаахан хэтийдүүлжээ. Гэвч үүнд үнэний ор бий. Эзэнт гүрний байлдан дагуулал жирийн Монголчуудад хэрхэн нөлөөлж байсан бол. Энэ бол энгүй их ялалтаар жигүүрлэсэн их цэрэг гэдэг утгаар биш тэдний дунд яваа жирийн нэг цэргийн хувьд энэ бүхэн ямар байсан бол. Энэ бол хүнд шүү дээ.
Шүүмжлэл талууд:
Хэт их орос төвийн үзлийг баримталснаас болоод Монгол хаад яагаад оросыг дайлах болсон, ямар дайны арга тактик хэрэглэсэн, Монгол цэргийн дайчин чанар, тэсвэр хатуужил, Өрнөд дахины цэргийн урлагийн хөгжлийн төвшин, яагаад Орос хотуудыг шууд өөрсдийн мэдэлд оруулалгүй нутгийн язгууртнуудаар нь удирдуулж байв зэрэг асуултад хариулж чадалгүй бүдүүлэг, дээрэмчин гэх мэт муу үгээр дайран оросуудыг баатарлаг тэмцэж байсан гэж барин тавин өгүүлжээ. Үнэн бодит байдалтай зүйрлэх зүйл биш. Гэсэр, Жангарын үзэл санаа ч тэр. За одоо энэ бүгдийг жаахан ангилахыг оролдъё.
1. Судлаачийн хэт субъектив хандлага
Нийгэм, Хүмүүнлэгийн аль салбар ухааны судлаачид судалгааны объектдоо автахаас ихээхэн болгоомжилдог. Учир нь судалгааны үнэн бодит байдал нөлөөлөх аюултай юм. Жишээлбэл: Арслангийн бодит амьдралын тухай баримтад кино хийж байгаа зураглаач байя гэж бодъё. Гэтэл өлсгөлөн арслан жижигхэн хөөрхөн янзагаруу дайрчээ. Зураглаач үнэн бодитой зураг авахын тулд тэр янзгыг өрөвдөлгүйгээр зургаа авч байж тэр дүрс нь баримтат кино болж чадна. Харин босч орилж буудаад арсланг үргээвэл тэр кино бодит биш болно.
- Монгол түшмэд хотын хүн амын эсэргүүцлээс болоод хотоос гарахыг хулчийх гэх мөртлөө ямар ч сурвалж дээр эр зоригтой тулалдсан тухай тэмдэглээгүй байхад тэд эр зоригтой тулалдсан байх ёстой ардын дуун дээр тэгж байгаа юм чинь гэх түүхийн шинжлэх ухааны доктор хүн бичсэн гэхэд эргэлзээтэй санагдуулахуйц хэт их субъектив байр суурь барьсан байх юм.
- Монголчуудын эсрэг тулалдсан л бол язгууртан, ард, орос, кипчак хамаагүй магтан дуулна. Нэгэнт давагдашгүй хүчний эсрэг тэмцэлгүй аргалаад өнгөрөх арга бас байдаг. Монголчуудтай дипломат арга эрэлхийлсэн ноёдыг урвагч, аймхай хулчгараар нь дуудна. Нэгэнт ялагдах нь ойлгомжтой үед бослого гаргах гэж байхад болихыг ятгасан ноёдыг хулчгар, бүтэлгүй бослого гаргаад хотоороо хүйс тэмтрэгдэгсдийг баатар гэх мэтээр Монголын эсрэг үзэлд хэт их автжээ.
- Ялагдлыг хулчгар язгууртнуудаас болоод Оросын эрэлхэг дайчид ялагдсан гэнэ, ялалтыг эрэлхэг ард түмний хүчээр гэх зэргээр ангич байр суурь барьсан байгаа нь ганц энэ хүний гаргадаг алдаа биш тухайн цаг үеийн бичлэгийн уламжлал гэж хэлэхэд хэлсдэхээргүй юм.
2. Монголын түүхийн ерөнхий мэдлэггүй эсвэл Зөвхөн Оросуудыг л магтах зорилго өвөртлөн энэ номыг бичжээ.
- Оросуудын хот тосгон мандал, мөхөл зэргийг археологийн баримт, сүм хийдийн цаг тооны бичиг, хаад ноёдын шастирын мэдээд харгуулан шинжилж хамгаалалтын нөхцөл байдлыг сэргээн өгүүлсэн байх атлаа хэрхэн юуны учраас Монголчууд Орос руу довтлох болсон тухай юу ч хэлээгүй нь Монголчууд зөвхөн алт, эрдэнэсийн төлөө л Орос ороныг түйвээсэн гэж ойлгогдож байна. Ата Малик Жүвэйнийн “Дэлхийг байлдан дагуулагч” -д өгүүлснээр бол Оросууд өөрсдийгөө хүн ам олонтой гэж бардамнан Кипчакуудтай холбоотон болсноор Эзэнт Гүрний баруун хойд хил хязгаарыг аюулд учруулж байсан байдаг.
- Бат хааны буцсан шалтгааныг Оросын ард түмний шаргуу эсэргүүцлээс болж хүч нь сульдсан Монгол-татарууд цааш тулалдах тэнхэлгүй болоод буцжээ гэж дүгнэж байгаа нь зохиогчийн түүхийн ухааны мэдлэгт эргэлзэх сэтгэгдэл төрүүлж байна. Гэхдээ үүнийг зохиогчийн түүхийн мэдлэг гэхээс илүү Орос төвт үзэл гэх нь зөв болов уу.
- Оросыг байлдан дагуулж байсан Монголчууд, Монгол ноёдын нөхцөл байдлын талаар ямар ч үг хэлээгүй нь мөн л Оросуудыг магтах гол жанжин шугамтай нь зөрчилдсөн учраас хаясан бололтой. Энэ үед Баттай Гүиүг (Гүюг), Байдар нар зөрчилдөн Өгөөдэй хаан Гүиүг, Байдар нарыг буцаан татсан байдаг. Энэ бол оросыг эзлэх үед Батад тулгарсан хамгийн том асуудал байсан болов уу.
- Алтан Ордчууд Оросуудыг Загалмайтны аян дайн, Литвагийн довтолгооноос хамгаалж байсныг огт дурдаагүйн дээр хөрш Литвүүдрүү довтлон орос Литвийн ард түмний хоорондын уламжлалт харилцаа, худалдааг тасалдуулсан гэж буруутгасныг нь Хэт Орос төвт үзэл гэхээс өөр юу гэхээ сайн мэдэхгүй байна.
3. Шууд хэлээгүй боловч дам ойлгогдож буй зүйлс
Зохиогч эл номдоо дээр дурдсан мэт олон увиагүй алдаа гаргасан боловч Үг дунд үг Үхэр дунд Гиваа гэгчээр баримтууд дунд нь өгүүлэгдсэн цөөн зүйлс байна.
- Алтан Ордчууд Оросруу тонуул дээрэм хийхийн зэрэгцээ, Монгол угсааны өөр нэг хаант улс болох Ил хаадын улс тэмцэлдэж байсан гэж бичжээ. Хэдийгээр энэ тэмцлээс болж Алтан Ордчууд орост тавих хараа хяналт нь суларсан гэдгийг хэлээгүй энэ үед дурдна гэдэг нь л чухал асуудал байсан гэдгийг ойлгох хэрэгтэй байх.
- Оросыг эзлэхдээ боловсруулсан Монголчуудын гайхалтай байлдааны тактикийг энэ номноос харлаа. Хэдий дайн тулаан гэдэг хүний амь нас, эд хөрөнгийг бүрлэгдэг боловч хэн ч ялагдахыг хүсдэггүй энгийн нэг тоглоом дээр ч хүн ялагдах дуртай хүн байдаггүй шүү дээ. Монгол хан хөвгүүд Оросын газар нутгийг судлаад өвөл дайрахаар шийдсэн байна. Энэ нь Оросын ой шугуй, намаг ус ихтэй газрыг эзлэх хамгийн шилдэг арга юм.
- Оросууд өөрсдөө ч, тэдэнрүү байнга довтолдог байсан Кипчакууд ч дандаа дулаан улиралд тулалддаг байсан учир Оросууд Монголчуудыг довтлох гэж байна гэж мэдсэн боловч өвөл дайрна гэж огт таамаглаагүй.
- Өвөл гол хөлдөх тул дээгүүр нь явахад яг л засмал зам дээгүүр явж буй мэт бартаа саадгүй урагшилж байсан байна.
- Оросын хот, бэхлэлтүүдийн дор хаяж нэг тал нь гол усаар халхлагддаг байсан тул өвөл энэ хамгаалалт нь ямар ч утгагүй болж байжээ.
- Өрнөд Дахины цэргийн урлагийн хөгжлийн төвшнөөрөө Нүүдэлчдээс хол хойно байжээ. Монголын байлдан дагуулагчид бүхэл бүтэн бүс нутгийг хамарсан, хоорондоо нягт холбоотой, бие биенээ дэмжсэн байхаар байлдааны ажиллагааг төлөвлөдөг байсан байна. Ингэж төлөвлөхдөө Каргаловын хүлээн зөвшөөрснөөр өргөн цар хүрээтэй тагнуулын ажиллагааг явуулдаг байжээ. Энэ тагнуулын үйл ажиллагаанд баг бүлгээрээ явах магнай ангиудаас гадна худалдаачин, аялагч нарыг өргөн ашиглаж, амьд хэлээс хүртэл мэдээлэл авдаг байжээ. Энэ тагнуулын мэдээ нь газар зүйн мэдээнээс гадна хотууд, ноёдууд, ард түмний сэтгэл зүй зэрэг цогц мэдээлэл бүрдүүлдэг байсан байна.
За ингээд энэ номыг уншаад төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцахад таатай байлаа.
No comments: