ТАРХИНЫ ЦАГ
Хүн төрөлхтөн түүхэн хувьсал хөгжлийнхөө жам ёсны дагуу хөгжиж өнөөгийн ухаан хүн буюу Homo Sapience болсон билээ. Энэ удаа бид уг үйл явцад нөлөөлсөн олон хүчин зүйлүүдийн нэг, тэр тусмаа оюун ухааны хөгжлийг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйл болсон ТАРХИНЫ ЦАГ гэж нэрлэж болохуйц хүчин зүйлийн тухай ярих гэсэн юм.
Эртний хүмүүс төв Африкийн саванна хэмээх хагас цөлөрхөг газар амьдарч байхдаа байгалийн хуулийн дагуу өдөр нь идэш тэжээл хайн завгүй бэдэрч, нар жаргангуут өөрсдийн хоноглодог агуй, хонгил, нөмөртөө очин хоргоддог байжээ. Гэхдээ хүн болсон хойно аливаа юманд сониучирхан хандаж, танин мэдэхүйгээ байнга тэлж байсан нь тэднийг оюун ухааны хөгжлийн гогцооноос барьж авах боломжийг нээж өгсөн юм. Энэ юу вэ? гэвэл энэ бол ГАЛ гэгч айдас төрүүлэм хөнөөлт зүйл мөртлөө зөв харьцаад сурчихвал бүхнийг дийлэх хүчийг хайрлагч байлаа.
Галыг хүн төрөлхтөн дунд палеолит үеэс ашиглаж эхэлснийг археологийн судалгаагаар тогтоогдсон байдаг.
Анх хэрхэн галтай харьцаж сурав?
Дунд палеолитийн үед Хомо Ректус, Хомо Эргестра гэдэг хүнийзүйлүүд амьдарч байв. Өдгөө олдоод байгаа тэдний палеоантропологийн хэрэглэгдэхүүн дээр хийгдсэн судалгаанаас харахад тэдний бие бүтэц босоо явахад бүрэн зохицсон байсан гэж үзсэн байдаг.
Энэ нь тэднийг чадварлаг анчин болсон байсныг харуулж байгаа юм. Байгалийн жамаар түймэр гарахад тэд ихэд баярладаг байсан нь илэрхий. Учир нь тэдний идэш тэжээл ямар ч хүч гаргалгүй сууж байхад нь л талын түймэрт түлэгдэн унах болно. Амьтдаас ухаалаг болсон тэдний хувьд түймэрт түлэгдэлгүй нөгөө талд нь гарч чадвал дүүрэн зоог өрсөн ширээний ард суулаа л гэсэн үг байсан нь илэрхий. Энэ нь төв африкийн хуурай улирлын оргил үед нэг болдог байсан гэвэл. Талын түймрийн үед галтай харьцаж сурсан гэхэд хилсдэхгүй байх. Мөн тэд галыг тэдний эвээг хүчнээс илгээлээ гэж ойлгож ч байсан байж болох. Хэн нэгэн галд өртвөөс Тэнгэрт нэргүүлсэн хүн мэтээр адалдаг байсан ч байж болох.
Галыг анх ямар зориулалтаар ашиглаж байв?
Байгалийн түймэртэй анх танилцаж, өгөөжийг нь хүртэж сурсан хүмүүс түймрээс гал аван хадгалж дараа түймэр тавьж ан хийх хэрэгсэл болгож байсан байх ёстой. Түүнийг дагалдан гал түлдэг биш тодорхой зайд байвал дулаацуулдаг. Галд түлсэн мах илүү амттай, галаас араатан битгий хэл ер нь бүхий л амьтад айдаг, хажууд нь байхад аюулгүй гэх мэт мэдлэгүүдийг эзэмшсэн гэж хэлж болно. Иймд хүн төрөлхтөн галыг анх зэвсэг болгон ашигласан гэж хэлж болно.
Галыг юу гэж үзэж байв?
Гал эртний хүмүүст хоол хүнстэй, аюулгүй, дулаан, гэрэлтэй орчинг бэлэглэсэн. Хүмүүс үүнд нь мэдээж ихэд талархаж байсан байх. Галын эх сурвалжийг тэнгэртэй холбож үзэж байсан байх ёстой. Учир нь галыг хүмүүс түймрээс олж авсан. Түймэр нь аянганаас гардаг. Аянга нь тэнгэрт цахилгаан цахиж байж буудаг. Цахилгаан цахиж, аянга буухын тулд тэнгэр дуугардаг. Иймд тэнгэрийн өгөөж хишиг бол гал гэж зүй ёсоор ойлгогдоно. үүнээс шашин шүтлэгийн эх ч тавигдсан гэж хэлж болно.
Гал хүн төрөлхтөнд юуг өгөв?
Эртний хүмүүсийн хувьд гал хэмээх өндөр хөнөөх чадавхтай зэвсэг нь шууд байдлаар тэдэнд дулаан, гэрэл өгч байлаа. Энэ нь хүйтэн, харанхуй гэх байгалийн нөлөөнөөс хүмүүсийг гаргасан хэрэг байв. Физиологийн хувьд хүнд хоолыг боловсруулахад цаг, энерги их шаардагддаг тул хоол идсэний дараа энергийн хэмнэлт хийх үүднээс зарим хэрэглэгчдийн хэрэглээнд хязгаарлалт хийж эхэлдэг. Иймд махчин араатнууд хоол идсэнийхээ дараа гүн нойронд дарагдан унтдаг байна. Эртний хүмүүс ч бас ийм л байсан. Харин болгосон хүнс хэрэглэх болсноор хоол боловсруулах эрхтний ачаалал багасаж хоол идсэн даруйдаа унтах асуудал багасжээ. Ингэж физиологийн талаас нойр хүрэх асуудлыг шийдсэнээр эртний хүмүүс нар жаргаснаас хойш унтах хүртэл юу дуртай хийх ЧӨЛӨӨТ ЦАГ-тай болжээ. Гэвч харанхуй бол юу хийх билээ.
Эртний хүмүүсийн харах чадвар биднийхтэй адил харанхуйд сайн хардаггүй байсан тул шөнөөр ангуучлах боломжгүй байсны дээр агуй, нөмрөөсөө гарвал шөнийн махчин араатнуудын зөөлөн хоол болдог байлаа. Үнэндээ тэдэнд гарах ч хэрэг байгаагүй юм.
Гал дулаан, болгосон хүнсний зэрэгцээ гэрэл гээг эртний бас хүмүүст өгч байсан. Иймд физиологийн талаас олгосон чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж эртний хүмүүст гарч иржээ. Гэрэл гэгээтэйг, нойр хүрээд байхгүй энэ чөлөөт цагийг ТАРХИНЫ ЦАГ гэж нэрлэмээр санагдаж байна.
Энэ чөлөөт цагаа эртний хүмүүс өнөөгийн бид болохын төлөө тархины дасгал хийж тархиа хөгжүүлэхэд зориулж байсан гэж хэлж болно.
Тархины цагаа хэрхэн ашиглаж байв
Эрт, эдүгээ болсон үйл явдал зэргээ дүрслэх ярих, магтах, хэн нэгнийхээ үйлийг дурсах, шүүн ярих (заримдаа давсалдаг байсан байх) болсон нь хожмын аман зохиол (баатарлагийн дууль, элдэв дуулал гэх мэт) эх тавигдаж байсан нь тэр байлаа. Энэ нь тэдний тархины үйл явдлыг тогтоох, дүрслэн ярих чадварыг хөгжүүлж байлаа.
Маргааш хийх зүйлсийнхээ тухай хэлэлцэх болсноор үйл явдлыг төсөөлөх, өөр өөрсдийн амьдралд болсон сургамжтай зүйлсийг дурсан дүгнэх,түүнээс дүгнэлт хийн олон холбоос бүхий төлөвлөгөө гаргах чадварыг бий болгожээ.
Зарим нэг нь агуй, хонгил, нөмрийн буланд өдөр харсан ан амьтан, болсон явдлыг дүрслэх оролдлого хийх болсон нь дүрслэх урлагийн эх байлаа. Зураг зурна гэдэг нь эхлээд аливаа зүйлийн дүрс, хэмжээ, харьцааг сайтар нүдлээд дараа нь өөр газарт дүрслэх гэсэн үйл явцуудаас бүрднэ. Энэ нүдлэх, төсөөлөх, төлөвлөх чадвар далыг олгож байлаа.
Зарим хэсэг нь дуу, ая эгшгийг өгүүлэхүйн эрхтэн болон элдэв зүйл хэрэглэн гаргах болсноор хөгжим, дуу үүнээс үүссэн гэж болно.
Бас нэг чухал зүйл нь зарим судлаачдын үзлээр бол эртний хүний уураг тархийг хөгжүүлсэн хамгийн гол зүйл гэгдэх нийгмийн харилцаа. Тэд үзэхдээ нийгэм дунд амьдарна гэдэг нь тун ярвигтай асуудал. Зэрэг дэв, нийгмээс гадуурхагдахгүй байх, найз нөхдтэй болох, хүлээн зөвшөөрөгдөх гээд хүндрэл амьтны сүргээс аваад хүний нийгэмд ч байдаг. Үүнийг зохицуулахын тулд нийгэм хүний уураг тархи хөгжсөн гэдэг. Минийхээр бол энэхүү Тархины цагт л тэд энэхүү нийгмийн асуудлаа цусгүйгээр зохицуулдаг байсан болов уу.
Дүгнэвэл
Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд гал яалт ч үгүй нөлөөлсөн гэдэгт хэн ч эргэлзэхгүй биз. Галын олгосон чөлөөт цаг эртний бичин өвгөөс орчин үеийн ухаант хүн хүртэлх урт хугацааны хүний хөгжилд багагүй нөлөөг үзүүлсэн. Хүн төрөлхтөн галын буянаар үеийн үед тунгаан бодож, тархиндаа уран зохиол, дуу, хөгжим, дүрслэх урлаг, аман зохиолыг бий болгон түүгээрээ тархиа хөгжүүлсэн байсан юм.
Гэхдээ үүгээрээ хүний уураг тархи, түүний сэтгэн бодох чадварыг зөвхөн байгалийн хүчин зүйл галтай холбон үзэж бусад нийгэм, биологийн хүчин зүйлсийг ойшоохгүй байхыг зорьсонгүй.
No comments: